Өнөөдөр сайхан өдөр

Өнөөдөр сайхан л өдөр болоосой гэсээр өглөө орноосоо өндийлөө. Зуслангийн сайхан өглөө үхэр мал мөөрөлдөөд л, арын гудманд өнөөх хөөрхөн охин үхэрээ сааж байгаа болтой хувинд сүү сард сард хийн буух чимээ зуслангын байшингын нимгэн хананы цаанаас сонсогдоно. Зугаатайхан бодолдоо завьжаа мушийлгасаар байлдааны хувцасаа биедээ асааж эхэллээ. Тэгтэл гай болж өрөөсөн оймс олдодгүй ээ. Өчигдөр оройхон шинэ оймс задлаад хөл уруугаа шидчихээд унтсан юм сан, байдаггүй. Золигын муур л зуугаад явчив уу даа гэж хар буусаар нуухандаа наалдаад хагас нээлттэй байгаа нүдээ нухлан нухлан харвал хөлд нэг хар юм байж байлаа.

  • - Хээ, тэр муу муур миний шивэртэй оймсоор ч яахуу дээ их цэвэрч амьтан шүү дээ гэж амандаа үглэнгээ гараа явуулав.

Гарт нэг л зөөлхөн бөгөөд үсэрхэг эд баригдахад их л гайхаж, өвлийн оймс, нэхийний өөдөс мэтийг дотроо төсөөлөн нүднээ ойртуултал толгойг нь тас хазчихсан ХУЛГАНА байх нь тэр ээ. Уулга алдан чулуудтал өвөөгийн толгой хажууханд бууж өвөө цочин өндийснөө нүдээ эргэлдүүлэн над уруу бас хулгана уруу их л гайхан харснаа

  • - Уаа зус чинь, гаргаж хая энийгээ гэж намайг зуугаад ирсэн юм шиг хэлдэг байгаа.

Өмхий муурнаас болж зүрх цочсон туулай шиг салгалаад хамаг сайхан жаргалтай бодлууд нисэн оджээ.

Хулганыг гаргаж хаячихаад гол уруу явлаа. Сэрүү татан харжигнан урсах голын хүйтэн усаар нүүрээ угаажээ суутал урд гудамны хөөрхөн охин тугалаа туусаар айсуй. Хойд урд гудмандаа хөөрхөн охидтой хөрш над шиг сайхан хүү хаа байна. Нар сайхан ээгээд л, бүртийх ч үүлгүй цэлмэг тэнгэрт богширго, болжмор жиргэж нисээд л, цэцэгсийн толгой илбэсэн зөөлхөн салхи охины зүгээс сэр сэр үлээгээд ирэхлээр миний сайхан зангийн ундарга дахин булгилаж, нүүрэндээ мишээл тодруулсаар охины зүг айлсав.

Мэнд мэдэхээр малийтал дөхөх агшинд нүдний буланд нэг зүйл зэрвэс хийхийг лавлан хартал Дорж гуайн Паацга хэмээх багачуулын хормойг хүүлэгч гаж донтой нохой гараад ирлээ. Өчигдөрхөн хэсэг нөхөдтэй тэдний нэг тахиаг хөөж байгаад Паацгад хормойгоо хүүлүүлэх шахсанаа санангуут дотор тэр гэхийн зуургүй айдсаар дүүрч, тархинаас гүйх тушаалыг өөрийн мэдэлгүй өгч би гэрийн зүг охины замыг огтлон хар хурдаар чавхдав. Нохой хүүхэд хоёрын хэн нь хурдан байдаг бол гэж хэн нэгэн асуусан уу, тэгвэл тэр охин бөлтийтэл хараад сууж байсан, тэрнээсээ асуухгүй юу. Хүний урманд жов ч гээгүй л юм даг.

Бөгс час хийн өвдөж би бээр их дуугаар орилов. Тэр мөртөө цааш зүтгэж, бөгсөн талд юу болж буйг хянах ухаанаа алдтал айжээ. Тэр агшнаа гудамны үзүүрийн Дүүриймаа эгч майжигнан харайн ирж Паацгыг хөөх хүртэл би бархирсаар байсан биз ээ.

  • - Яаж байгаа зус вээ, хүүхэд зуугаад хаячихлаа, Доржид хэлж буудуулуул таарна, хайн майн гээл тэрүүгээр нэг дуу болж байтал манай хойд урд гудамны хэл амаа билүүдсэн улс цуглаад ирэв.
  • - Гайгүй л байна ш д, шувтруулаад жаахан улайчихаж, эднүүс өөрсдөө болдоггүй л дээ, тэрүүгээр яваа нохойг дуудаж чулуу шидсэнээс зайлахгүй, тахиагаа сүрхий манадаг эд байгаа юм гээл намайгаа муулж эхлэх үед би нулмсаа шудран харвал миний сайхан "чапаев улаан шорт"-ыг ганган эрээн гага-тай маань давхараар нь хүү татаж хаяад урдаа нэг муу утсанд ороолдон тогтмор аядаж байлаа.

Нулимс хатаж амжаагүй байхад нүүр чинэрээд ирлээ. Ичиж зовсон амьтан гэрийнхээ зүг хүү татагдсан "шорт"-оо хумьж бариад гүйчлээ дээ. Нөгөө охин, тэдний хэдэн тугал аягүй л бол арын гудамны охид хүртэл харсан биз. Одоо энэ зунжингаа намайг дооглох бөөн сайхан ярианы далим гарсанд олзуурхаад худаг, шийдгүй ярина даа гэж бодохоос л гол харлаад хот уруугаа явчихмаар боллоо.

Амьсгаагаа үүдний пинд дарж аваад нэг муу хиртэй шорт олж өмсөөд өвөөд урагдсан хувцасаа мэдэгдэхгүйг хичээн хумьж бариад ортол дөнгөж уудлаж байгаа хийцтэй будаатай цайны сайхан үнэр хамар цоргин, зузаан шаргал өрөм, өчигдөр хотоос ирсэн зөөлөн боов зэрэг амттан ширээн дээр харагдахад нулимс нь гүйцэд хатаагүй байсан нүүрэнд маань мандаж байгаа наран дахин тусгалаа олов. Бодох бодолгүй амттан уруу харайн орж, ам хэлээр амт шимт нь мэдрэгдээд дараа нь бор ходоодыг минь цүрдийтэл дүүргэсэн байдаг мэдрэмжний төлөө ухаанаа алдвай хөөрхий. Шунган шунгасаар нэг мэдэхнээ талх боовны амт гойд санагдахаа байжээ. Гэдийн сууж хорд хийтэл хэхэрч аваад гадаа гарах, хэрхэн тоглох тухайгаа боджээ суутал Дүүриймаа эгч ороод ирлээ шүү.

  • - Зиа хэн гуай сайхан амрав уу та, гүээ сүйд болохоо шахлаа даа өнөөдөр өглөө, танай энэ жаахан (хэнн, би чинь тав дугаар ангид орох, охидын хөөрхөн муухайг ялгаад найзалчихдаг том эр байхгүй юу) бандийг Доржийн халтар зуугаад алаа алдлаа. Өмд мөмд нь байхгүй ээ байхгүй, манайхан гуугалж харайж байж нэг юм салгалаа шүү дээ гэдэг байгаа.

Өвөөгийн нүд ихэд томрон, уулга алдаж намайг босгоод миний өмд хамдыг тайлуулан Дүүриймаа эгчийн өмнө дахин нүцгэлэв. Цатгалан мэдрэмж зугаа хайж суусан юм сан, онц ноцтой гэмтэлгүй байгааг мэдмэгцээ өвөө Паацгын талд бүрнээ шилжиж

  • - Айлын нохой уруу чулуу шидэж байж зуулгуулсан байж таарлаа гэх зэргээр загнахад нь мөнөөх гомдолт мөч дахин сэдэрч "тогоо нэрэв". Ай хөөрхий өнөөдөр уул нь сайхан өдөр эхэлсэн юм сан.

Гудамны цаад үзүүрийн найз Батка маань ирээд гадаа шүгэлдэв. Тэр дуунаар өвөө цаг юу болж байгааг нэг харснаа амандаа хуучны дуу гунганан эргэж

  • - Хүүхээд одоо болио хө, Баадгаа нь ирчихэж, та хоёр яваад муу морио бариад ир, гурвуулаа ууланд гарч жимсний болц үзээд хэд гурван гишүү чирж ирье гэлээ.

Баткаг шүгэлдэхэд л татарч байсан нулимс эгшнээ хатаж

За өвөө одоохон гэсээр би дэгдэн гарлаа. Өнөөдөр сайхан өдөр болноо.

Сэтгэгдэлүүд:

1. amg@@ | 2009-08-25 05:01:10
Багын явдал санаанд орчлоо вайна.
Лайтай бичжэээ.
2. ooolhonooo | 2009-08-25 05:04:04
yamar hoorhon yum be uruulah ch yahav hamgiin gol ni tsaad ohinooosoo yamar ih ichsen boldoo te gehdee huuhed yum bolohooor dorhnooo martchihaj baisan baihdaa saihan bichleg baina
3. bagi (зочин) | 2009-08-25 05:17:04
hehe.odriin hed nar mandaj, hed uul hurah yumdaa. huuhed yum bolhoor dorhnoo l gomorhloo martaad degdeed guichij bga biz.
oo ter ehen ariin hashani huurhun ohin uher bish unee saaj bsn bailgui de te
4. molor | 2009-08-25 05:27:18
ямар хөөрхөн юм уншчихав аа
5. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-25 06:01:47
Пөөөх.
6. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-25 06:03:11
яасан
7. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-25 06:05:16
эгдүүтэй
8. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-25 06:06:59
дамшваа
9. ДЭНДҮҮ ДЭНДЭВ | 2009-08-25 06:08:12
вэээ? хэхэ
10. Oyuna | 2009-08-25 21:15:58
сто хөөрхөн юм..хэхэ зуслангийн зугаатай явдлууд санаанд орлоо...
11. Lily | 2009-08-26 00:48:19
bayarlalaa, neeh huurhun
12. starwomen | 2009-08-26 05:52:55
yaay ugiin uran tsetsen gej bnaa bna he he taalagdlaa
13. amor | 2009-08-26 10:35:05
шүлэглээгүй байна...
таалагдлаа..
14. talarhal (зочин) | 2009-08-26 12:55:05
goy bichsen bnaa, bi ch yum yum l oroldoj yavaa hun neg iimehuu yum bichij uznee.
15. erhtsas | 2009-09-01 08:08:46
Агаа тэгээ хонго чинь яаг зүгээр биз???? хэ хэ хэ
16. tagnai (зочин) | 2009-09-08 06:10:21
хөх толов гээд байсан чинь Паацгын зуусан газар л цэнкэртээд эдгэцийм байшд.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.