Намхан жижигхэн эмээ "араажив"-нхаа дуунаар өндийлөө
Нас идэр үеэсээ л үүрээр сэрдэг заншилтай
Нартай уралдаж амьдралаа залгуулсаар өдий хүрсэндээ
Намхан жижигхэн эмээ анзаарахын сөхөөгүй өтөлжээ
Үр хүүхдээ босгоно, цай чанаж боорцог дөхүүлнэ
Өдрийн хийхийг хэлцэнэ, хэлцэх ч юув өгүүлнэ
Өчнөөн ихийг санана, өнөөдөр л амжуулахыг чармайна
Өнөөх хэд нь хам хум, ажил сургууль шавдуу
Шөнө оройтсон ажилчин ууртай өндийж зандчина
Сүрэг шаазгай шагширч хойно урдаа гүйлдэнэ
Сургуульд явуулдаг хэдийг гувшин байж илгээнэ
Сүүлдэж сэрсэн нэг нь хошуу унжуулан уурлана
Намхан эмээ харин түүртэх янзгүй дэгдэгнэж
Насаараа ингэж явсан ч уйдах залхах янзгүй
Нэгэн насыг үрдээ, үрийн үрдээ гэсэн
Намхан жаахан эмээгийн сэтгэл юутай өндөр...
Ажлын цагтай уралдсаар аав ээжийн одоход
Амс хийх чөлөө гараа болов уу эмээд
Ажаад байхад энэ хүнд ажлын цаг гэж байна уу
Амралт, ажлын горимд хэрхэн нийцэж байна вэ?
Нар мандахаас урьтаж сэрэх албатай
Намайг заавал сэрээ гэсэн хэн нэгэн үгүй ч
Насаараа ингэж дадсаныг нь хэн хүнгүй мэддэг
Нийтээр хэвшсэн ёсондоо сэрэхийн сөхөөгүй манантана
Хийж бүтээсэн зүйлийг олноор дайран давшилчихаад
Хэв хэрэггүйг үйлдсэн мэт анзаарахын чөлөөгүй уурлачихаад
Хаалга саван одоцгоох яаруу бушуухан үрс нь
Хайранд өлгийтэй болохоор нүд сохор байдаг юм санжээ
Хамгийн сүүлийнх нь ууртан цай цүүгээ ууж
Хаалга үүд хаагдмагц цаад өрөөнд уйлагнах нь
Хашгирч сэрээд, уурлаж унтах үрийн үр үйлийн үр
Хөөрхий эмээгийн ажлын цаг ид эхлэх нь тэр
"Жаран чавганц"-ын ажилтан жаргахын хэнээтэй цагираглаж
Зоргоор ганцхан насандаа орондоо хооллон бялуураад
Зах эхгүй эрхээр эхнээс нь буулгаж гарахад
Жар биш нэг л эмээ араас баллуурдан бөхөлзөв өө.
Ангаахай бяцхан үрдээ бантан хийж
Өдөр дунд хооллоно, өөрөө юм идээ болов уу
Ашгүй өнөөхийн нойр нь хүрэв
Өөрөө харин хажуулаа юм болов уу...
Оройн наран жаргалтай улаа бутарч
Орчих цаг эхлэл төгсгөлтэйг сануулсаар
Одод түгж саран ургалаа, наран жаргалаа
Одоо л эмээгийн амрах цаг эхлэв үү?
Хүүхдүүд ажлаа тараад, хөтлөлцөх нь хөтлөлцөөд
Хойно хойноосоо цувах нь цуваад ирлээ
Хамгийн бага хүү нь л өглөө оройтоод гарсан юмсан
Хачирхаж бодмоор зүйлгүй ч ирдэг цаг нь хэтэрчээ
Эмээгийн сэтгэл шаналавч уудлаж хэлэх нь үгүй
Эцэс төгсгөлгүй хөлхөх гадаах цувааг ажингаа:
Энэ хүйтэнд үр минь хаана явдаг хэрэг вэ
Ээлж халаагүй ажилд шийтгүүлж орхиогүй байгаа
Сэргэлэн бяцхан үр минь ажлын дөрөөнд хүрсэн ч
Сэрэмжгүй нялхын зан нь хэвээрээ яваа юм сан, за за
Саатуулах ажил гарсан байлгүй, санаа зовоод би юу хийнэ
Сатаарч жаал зурагт харах минь хэмээн шийдвэй.
Өглөө наран ургахаас үдшийн бүрий хүртэл
Өчүүхэн ч амрахын чөлөөгүй эмээгийн хөдөлмөр хөвөрсөөр
Өнөөдрийн хийсэндээ түүртэж зурагтын хажууханд хурхирна
Үнэлэмж хэдий байхгүй ч үүргийн амралт энэ юм
Том хүүгийн эхнэр зөөлхөн дуудаж сэрээгээд
Таны орыг засчихлаа, унтаж амарна уу гэх хүртэл
Тухтай буйдан дээр эмээ маань нутгаа зүүдлэн баясав
Туулж ирсэн өдрүүдэд нь жинхэнэ амралт тэр байлаа
Сэрж босоод эмээ маань бага хүүгээ үгүйлэв
Сэрүүн унтаа хоёрт бие хүлэгдэн нозооровч
Суугаа буйдхан өрөөний цонх түшин хүлээж
Сэтгэл энэлэн буйгаа бусдаас нуун азнав
Шөнө дунд хүртэл эмээгийн нойр ийн хулжив
Ширүүхэн зандаруулж үзээгүй хүү нь шал согтуу ирэв
Шуугиан хэрүүл нэхсээр хөлчүү зан тургилав
Шуудхан ах нь барилцаж гэрээр нүжигнэн түрхрэв...
Эмээгийн ажлын цаг энэ л өдөр ийм байсангүй ээ
Эрт хойчгүй цаг наран нэг л хэмээр хөврөлдөж
Эрхлүүлэх энхрийлэхийн өлгийгөө хэзээ ямагт тулмайдсаар
Эмээ гэдэг бурхан элэг зүрхэнд мөнхөрчээ...




Сэтгэгдэлүүд:
аль насандп хийсэн үйлийн үр гэж.. үрийн үрээ хүртэл харж хайрлах заяатай юм бол доо тэд...
shinehen mendelsen blogoor mini zochlooroi, urij baina, hun bolgond heregtei blog bolgoh sanaatai, huruu, hoshuu ali aliig ni nemerleerei
Сэтгэгдэл үлдээх: