Намартаа

Насны гэнэн залуугийн сайхан цэвэр дүрээр

Надад ирж л байсан буцаж л байсан тэр нэгэн учрал

Намрын гэгэлгэн өдрүүдэд нэхэн нэхэн бодогдож

Надаас бас чамаас үлдсэн амт хүлхэн санааширлаа

 

Хүйтэн усаар цонхны шил угаагдан

Харуусал бас усаар урсаж сэтгэл угаагдан

Хацар чийг дааж өрөө хүйт дааж

Хамаг дэлхийн анир алслан дурсамж хөвөрнөм

 

Намар цаг, халуун өдрүүддээ

Найр наадам хөл үймээнтэй билээ

Нартын нэг тийм л өдөр чи бидэн учирсан

Нэрээ хэлэлцэн танилцаад хөл нийлэн алхалсаан

 

Сэтгэл нийлэн гунхаж, хотын төвөөр эргэлдэж

Сэмхэн чихнээ шивнэлдэж, хүний нүдээр атаархуулж

Сайхан чамайтайгаа хөтлөлцөөд, салж чадахгүй явсан үе

Санаанд тодхон зурагдаж өнгө ялгаран үлджээ, миний сэтгэлд...

 

Дуудсан дуудлага сэтгэлийн жигүүр минь тэртээ алс байлаа

Дууссан унтарсан итгэлийн сэлүүр минь ч тэртээ алсад хоцорчээ

Дэр нийлсэн ханиа гомдоон байж зүтгэсэн тэртээ алс

Дэргэд нь байхад үед ч тэртээ алс л байж шүү дээ

 

Гоморхох сэтгэлд хэдэн мөр торж

Гашуудаагүй юм гэхнээ үг унаган байж

Гарзгүй, олзгүй шүлэг нэхэн бусдад цацаад

Гайтай, гайгүйг ухааруулахын мөн бодож

                                     шивнэснийг нь сийрүүлэв ээ

 

Таарсандаа таалагддаг төгс гоолиг биш гэхнээ

Таалагдсандаа надад дэндүү дэндүүхэн

Давчуу санагдах дэлхийн энүүхэн зайд чинь

Дандаа төөрчихөөд, учрал нь хожуу ирдэг юм уу?

 

Анхны хайрын гэгээн бодлоор

Арваад жилийн өмнө авгай авч байсан сан

Айлын эзэн болоод амьдралд нухлагдахын нугачаанд

Айж ичээгүй гэхнээ уурлах бухимдах нь элбэг ээ

 

Тийм л нэг тэнэг эр газар уруу гүйж яваад

Тэнгэр харан унасан ахуй нөхцөл дор нь

Татаж босгоод асарч сувилсан цагаан гартандаа

Татагдаж дурласан түүх л шахуу юм доо энэ минь

 

Харин тэр минь торгон ухаан гаргаж

Хагацал, учрал гэдгийн үнэ цэнийг хэлэхдээ

Хамгаас тэнэг нь чи болно шүү гэж

Хачин далдаар тодорхой ойлгуулсан билээ, чингэхдээ

 

Уулгын цэрэг шиг хийморь олсон

Уулын ус шиг үсчиж цойлсон ч

Уудам бодож чадах тэр нэгэн эр гэж

Ухаандаа миний ойлгосон хүн мөн үү чи?

 

Сайхан ханиа, алаг үрээ бодсон сэтгэлээр

Саруулхан бодож уужим сэтгэ л дээ

Сэргэлэн явбал жаргалын дэлхий шүү дээ

Сэмэрч явбал зовлонгийн далай шүү дээ

 

Эр минь болж голомт хамт бадраахгүйгээс хойш

Эм чинь болж гэрт хүлээхийн цадиг надад бүү үлдээ

Эрсхэн хэлэх үгийн минь үнэнг

Эрт хойно алин ч байг, чи ойлгоноо

 

Ухаан зааж амьдрах хорвоод уягдаж саатахын их утга

Уулзаад салсан жаргалаа харин дотроо тээгээд

Удаан жилээр дурсаж яваарай миний зүрхийг

Ухаантай шүү дээ чи минь гээд тэр холдсоон...

 

Насны гэнэн залуугийн сайхан цэвэр төрхнөөс

Надад гуниг тээхийн үндэс үгүй юм биз

Навчинд үг шивнэхийн утга байдаггүй юм биз

Нартад учрал бүхэн минийх байх алба ч үгүй биз

 

Нийлүүлж хэлхсэн шүлэгнээс минь утгын мөр буулгахад

Нийлээд салахын цаг дор гашуудахын хөлийг холтгох

Нэхэл дагасан бодлыг таягдахын дүрийг сийлэхэд нь

Нэгээс хоёр хүнд хэрэг болохын магад...

 

Сэтгэгдэлүүд:

1. Nini | 2009-11-23 12:49:34
Нэгээс хоёр байтугай хүнд хэрэг болно оо хө
2. angelic_universe | 2009-11-23 13:07:52
сайхан шүлэг байна Сайн уу хө. Хаагуур яваад байгааииийн?
3. saikhnaa (зочин) | 2009-11-23 15:00:32
Ярьж байсан сэдэв маань ийм сайхан шүлэг болно гэж бодсонгүй миний анд бичээд бай бичээд бай
4. Батаа123 | 2009-11-23 15:18:28
Нэхэл дагасан бодлыг таягдахын дүрийг сийлэхэд нь

Нэгээс хоёр хүнд хэрэг болохын магад...
5. Oyuna | 2009-11-24 10:39:56
Уудам бодож чадах тэр нэгэн эр гэж

Ухаандаа миний ойлгосон хүн мөн үү чи?

сайхан шүлэг байна
6. Artgaa (зочин) | 2009-11-25 07:31:24
Saihan saihan

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.